Улсын Ерөнхий Прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албанаас Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн мэдээллийг иргэдэд хүргэх www.e-justice.mn портал сайтын талаар өнөөдөр /2020.06.09/ хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд тус албаны дарга, ахлах прокурор Ц.Хашбаатар, ХБНГУ-ын Элчин Сайдын Яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ёоханес Шнайдер, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах" төслийн удирдагч Л.Заяа, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, ШШГЕГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга, ахмад С.Галт-Оч, ЦЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхзул нар оролцсон юм.
Энэхүү www.e-justice.mn портал сайтын талаар Улсын Ерөнхий Прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга, ахлах прокурор Ц.Хашбаатартай ярилцлаа.
“Е-justice.mn портал сайт 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс ажиллаж эхэлнэ”
- Шүүх, хууль сахиулах байгууллагууд мэдээллийн цахим нэгдсэн сүлжээтэй болсон байна. Энэ сүлжээг бий болгохын тулд томоохон төсөл хэрэгжжээ. Нэгдсэн мэдээллийн сангийн талаар танилцуулахгүй юу?
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 23 дугаартай “Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн цахим нэгдсэн сүлжээ байгуулах тухай” тогтоол гарсан. Тогтоолд хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор төрийн холбооны нэгдсэн сүлжээ ашиглаж цахим мэдээлэл харилцан солилцох нөхцөлийг бүрдүүлэх, эрүүгийн хэргийн цахим мэдээллийн нэгдсэн санг бий болгох, ашиглах тухай заасан. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтнууд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан юм. Дээрх байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд холбох, харилцан мэдээлэл солилцох боломжийг бий болгож, мэдээллийн сан үүсгэх ажлыг “Цахим нэгтгэл” төслийн баг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл хамтран хийж гүйцэтгээд байна.
- Мэдээллийн нэгдсэн санд ямар төрлийн мэдээллүүд байршиж байна вэ?
Одоогоор Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, Улсын бүртгэлийн газрын иргэний мэдээллийн сан, Үндэсний дата төвийн системүүд холбогдон эрүүгийн хэргийн болон бусад мэдээллийг харилцан солилцож байна. Тухайлбал, иргэн цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргаснаас эхлээд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явагдах, хэргийг шүүхээр хэлэлцэх, шүүхээс хэргийг шийдвэрлэсэн байдал зэрэг эрүүгийн хэргийн бүх мэдээлэл багтаж байгаа.
Нэгэнт хуулийн байгууллагууд нэгдсэн сангаараа дамжуулан харилцан мэдээлэл солилцох боломжтой болсон учраас ажлын хэсэг болон төслийн баг санаачлан хуулийн байгууллагуудын мэдээллийг ил тод байлгах зорилгоор иргэний портал системийг нэвтрүүлээд байгаа юм.
Иргэний портал www.e-justice.mn систем нь иргэнд зориулсан мэдээллийн сайт бөгөөд Улсын Ерөнхий Прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны мэргэжилтнүүд нэгдсэн санд суурилан иргэн мөрдөх байгууллагад гаргасан гомдолынхоо явц, шийдвэрлэлтийн мэдээллийг, мөн гэмт хэргийн улмаас хохирсон болон гэмт хэрэгт холбогдсон хүмүүс өөрт хамааралтай хэргийнхээ мэдээллийг интернэт ашиглан авах боломжийг бүрдүүлсэн.
Өөрөөр хэлбэл гомдол гаргагч хуулийн байгууллагад ирэхгүйгээр гомдлоо хэн гэдэг мөрдөгч шалгаж байгаа, хэн гэдэг прокурор хянаж байгаа, цагдаа, прокурор, шүүхийн аль шатанд байгаа, хэдий хугацаанд шийдвэрлэгдэх зэргийг харах боломжтой. Мөн тухайн гомдол, хэрэг аль шатанд байгаагаас хамааран ямар эрх, үүрэгтэй оролцох, хуулийн ямар заалт үйлчлэхийг ч харуулж өгсөнөөрөө давуу талтай.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл нь энэхүү системийг бий болгохтой холбоотой санхүүжилтийг гаргасан.
- Иргэд системд хэрхэн нэвтэрч мэдээллээ шалгах вэ?
Иргэд төрийн үйлчилгээний танилт, нэвтрэлтийн “ДАН” нэгдсэн системээр дамжиж, өөрийн нэр дээр байгаа үүрэн телефоны утасны дугаараар нэг удаагийн нэвтрэх нууц үг хүлээн авч холбогдох юм. Энэхүү системээр дамжуулаад иргэд өөрт хамааралтай хэргийн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь авахаас гадна хуулийн байгууллагын ажил ил тод, нээлттэй болох ач холбогдолтой юм.
- Ярилцсанд баярлалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба