Монголын Прокуроруудын холбооны “Шагнал олгох журам”-д прокурорын нэр хүнд, хариуцлагыг нэмэгдүүлэх, прокуроруудын мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх, дотоод болон гадаад улс орнуудын ижил төстэй төрийн, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, гишүүдээ харилцан сургах, гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалахад чиглэсэн ажлын үр дүнгээрээ манлайлан ажилласан шилдэг салбар зөвлөлийг жил бүр шалгаруулж, шагнаж урамшуулахаар заасан.
Дээрх журмын дагуу тус холбооны нийт салбар зөвлөлүүдийн 2019 онд хийсэн ажлын тайланг Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын салбар зөвлөлийг “Шилдэг салбар зөвлөл”-өөр шалгаруулж шийдвэрлэсэн боловч дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн Коронавирус буюу Covid-19 цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор шагнал гардуулах арга хэмжээг хойшлуулсан байжээ.
Монголын Прокуроруудын холбооны Удирдах зөвлөлөөс 2019 оны “Шилдэг салбар зөвлөл”-д шагнал гардуулах арга хэмжээг /2020.07.06/ Улсын Ерөнхий Прокурорын газарт зохион байгуулсан юм.
Уг арга хэмжээнд Монголын Прокуроруудын холбооны ерөнхийлөгч С.Алиманцэцэг, гүйцэтгэх захирал Ц.Батболд, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Эрдэнэбилэг, Ж.Болорпүрэв, Д.Дашмаа, П.Батболд, Ц.Гантулгабат, Хяналтын зөвлөлийн дарга Ц.Ариунболд, гишүүн Э.Нарантуяа, мөн Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяр, Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар нар оролцлоо.
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяр:
Монголын Прокуроруудын холбооны Удирдах зөвлөл 2019 онд шинэчлэгдэж, холбогдох дүрэм, журамд нэлээдгүй өөрчлөлт, шинэчлэлт орсон юм. Өнгөрсөн оноос эхлэн оны шилдэг салбар зөвлөлийг шалгаруулж, анхны шагналыг Сэлэнгэ аймгийн прокурорын газрын салбар зөвлөл авч байгаад баяртай байна. Сэлэнгэ аймгийн прокурорын газар нь хоёр сум дундын прокурорын газартайгаараа онцлог. Одоо 30 орчим прокурор ажиллаж байна. Прокурор, ажилтны нэр хүндийг өндөрт өргөж, ёс зүйтэй, сахилга баттай, хариуцлагатай байхад чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулж, холбооны зүгээс зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож ирсэн. Мөн гадаад харилцаандаа ч анхаарч ОХУ-ын Улан-Үдэ, Буриад, Хиагтын ижил төстэй байгууллага болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид ч бусад салбар зөвлөлүүдээ манайлан ажиллах болно.
МОНГОЛЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБОО
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба