Дорнод аймагт 2020 оны эхний хагас жилийн байдлаар үйлдэгдсэн эрүүгийн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 111 буюу 21,6 хувиар, холбогдогч 68 буюу 27,2 хувиар тус тус буурсан байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 61,1 хувь нь Хэрлэн суманд гарчээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт гэмт хэргийн 73,3 хувийг хөнгөн, 26,6 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд гэмт хэргийн төрлөөр нь авч үзвэл өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 50,2 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 25,8 хувь, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 13,9 хувь, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3,2 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 5,7 хувь үйлдэгдсэн байна. Нийт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 35.1 хувийг мал хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.
Тус аймагт үйлдэгдсэн 402 гэмт хэрэгт нийт 180 хүн холбогдсоноос 90,5 хувь нь эрэгтэй, 9.5 хувь нь эмэгтэй байгаа бол дийлэнх нь бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна.
Гэмт хэргийн улмаас 73 хүний биед хөнгөн хохирол, 12 хүний биед хүндэвтэр хохирол, 5 хүний биед хүнд хохирол тус тус учирч, 55 хүний амь нас хохирсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34,5 хувиар буурчээ. Мөн иргэд, байгууллагад 498.720.935 төгрөгийн хохирол гэмт хэргийн улмаас учирсан бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд 74.329.444 төгрөгний хохирол нөхөн төлөгджээ.
Гэмт хэрэгт холбогдогчийн 29,4 хувь нь өмнө нь ял шийтгүүлсэн, 37,7 хувь нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 5,5 хувь нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол 14,1 хувь нь гудамж талбайд, 32,8 хувь нь гэр оронд, 14,1 хувь нь /хөдөө/ бэлчээрт, 4,7 хувь нь зах, худалдааны төвд, 32 хувь нь бусад газарт үйлдэгдсэн байна.
Дээрх судалгааны дүнг үндэслэн Дорнод аймгийн прокурорын газраас гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгдсэн тус аймгийн Хэрлэн, Баянтүмэн, Баяндун, Баян-Уул сумдын Засаг дарга нарт прокурорын мэдэгдэл хүргүүлж, аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд аймгийн Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга нарт орон нутагт зонхилон үйлдэгддэг тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, ялангуяа мал хулгалайх гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор тодорхой, үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулах талаар албан бичиг хүргүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба