Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий прокурорын үе үеийн орлогч нарт хүндэтгэл үзүүлэх “Ахмад, дунд, залуу үеийн уулзалт” арга хэмжээг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд БНМАУ-ын прокурорын нэгдүгээр орлогч Ж.Бямбаа, М.Одонхүү, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Ж.Энхнасан, Б.Цэрэнбалтав, Ч.Мөнхбат, Ц.Бямбацогт, С.Алиманцэцэг, М.Чинбат нар хүндэт зочноор, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын прокуроруудын төлөөлөл тус тус уригдан оролцсон бөгөөд прокурорын байгууллагын хөгжил дэвшлийн төлөө хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн Монгол Улсын Ерөнхий прокурорын үе үеийн орлогч нарын халуун дотно яриа, үнэт зөвлөгөөг нь сонссон дурсамж дүүрэн уулзалт болсон юм.
Гурван үеийн уулзалт арга хэмжээг УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог нээн, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы мэндчилгээг танилцуулж, хүрэлцэн ирсэн хүндэт зочдод 90 жилийн ойн хүндэт тэмдгийг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Хүндэтгэлийн үйл ажиллагааг Коронавируст халдвар /Covid-19/-ын сэргийлэлтийн зөвлөмж, журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан зохион байгуулсан юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба