ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР Б.БОЛДБААТАР 1040 КМ ЗАМЫГ 34 ХОНОГТ АМЖИЛТТАЙ ТУУЛЛАА

A- A A+
ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР Б.БОЛДБААТАР 1040 КМ ЗАМЫГ 34 ХОНОГТ АМЖИЛТТАЙ ТУУЛЛАА

Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, ахмад тамирчин Буриадын Болдбаатар Говь-Алтай аймгийн Жанчив баатрын талбайгаас Улаанбаатар хот Сүхбаатарын талбай хүртэлх 1040 км замыг  34 хоногт амжилттай туулж, 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатарын талбайд бариандаа амжилттай орсон билээ. Тэрээр Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жил, Говь-Алтай аймгийн 80 жилийн ой, тус аймгийн Прокурорын газрын 80 жилийн ойд зориулж энэхүү гүйлтээ санаачилсан юм. Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатарыг Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Прокурорын байгууллагын Биеийн тамир спортын зөвлөлийн дарга Э.Амарбат болон Биеийн тамир спортын газрын дарга, удирдлагууд, Говь-Алтай аймгийн Засаг дарга, нутгийн зон олон болон прокурорын байгууллагын прокурор, ажилтнууд ёслол төгөлдөр хүлээн авсан юм.

Тэрбээр нарийн төлөвлөгдсөн хөтөлбөрийн дагуу өдөрт 30 км гүйж байсан тул ямар нэгэн шантрах зүйл гараагүй гэдгийг хэлж байлаа.

Өнөөдөр /2020.08.10/ Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар, Тамгын хэлтсийн дарга Ш.Эрдэнэбилэг нар Олон Улсын хэмжээний мастер Б.Болдбаатар, түүний аав Говь-Алтай аймгийн хөнгөн атлетикийн анхны мастер В.Буриад, дасгалжуулагч, төрсөн дүү Б.Батбаатар, эхнэр М.Мандаххүү нарыг хүлээн авч уулзлаа. Монголын прокурорын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж, тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж холын зайн гүйлтээ амжилттай хийсэнд талархал илэрхийлж Прокурорын байгууллагын хүндэт тэмдэг, дурсгалын зүйлийг гардуулан өгсөн юм.