Тээврийн прокурорын газраас Прокурорын байгууллагын 90, тус прокурорын газрын 65 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Зам, тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга зам, цаашид анхаарах асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр боллоо.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, зам тээврийн осол, гэмт хэрэг гарч байгаа шалтгаан, нөхцөл, уг гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйл, түүнчлэн нийслэл хотын замын түгжрэл, эвдрэлээс шалтгаалсан сөрөг үр дагаврын талаар хэлэлцэж, түүнээс урьдчилсан сэргийлэх, арилгах арга замыг тодорхойлох, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд санал, зөвлөмж хүргүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.
Сэдвийн хүрээнд эрдэмтэн, судлаачид, хуульчид, практикийн ажилтнууд болон зам тээврийн салбарын мэргэжилтнүүдээс нийт 20 орчим илтгэл ирүүлснээс 8 илтгэлийг тус хурлаар хэлэлцүүллээ. Үүнд:
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ү.Оюун-Эрдэнэ “Монгол Улсад гарч байгаа зам тээврийн осол, гэмт хэрэгт нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгаан, нөхцөл”,
- Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн А.Энхболд "Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт”,
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.Гарьд “Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгахад анхаарах асуудал”,
- Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг “Зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт",
- Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүү "Ашиглагдаж байсан тээврийн хэрэгслийн импортод анхаарах асуудал”,
- Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх, Рh.D Б.Дэлгэрмаа “Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зорчих гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлага, эрх зүйн зохицуулалтын зарим асуудал'',
- Дотоод хэргийн их сургуулийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн эрхлэгч, цагдаагийн хурандаа, Рh.D Б.Мөнхдорж, эрдэм шинжилгээний ажилтан, цагдаагийн дэслэгч Б.Билгүүн нар "Зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтыг бууруулах зарим асуудал",
- Тээврийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Т.Серикжан, Тээврийн цагдаагийн албаны Мэдээлэл, судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ц.Эрдэнэчимэг нар “2019 онд Улаанбаатар хотод явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдалд хийсэн судалгааны дүн" сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
Эрдэм шинжилгээний бага хуралд Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Зам тээвэр хөгжлийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн Ажлын алба, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Авто замын хөгжлийн газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Дотоод хэргийн их сургууль, Монголын Криминологчдын холбоо зэрэг 16 байгууллагын 60 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Дээрх хурлаар хэлэлцэгдсэн илтгэлүүд, оролцогчдоос гаргасан санал, шүүмжид тулгуурлан Монгол Улсад Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд зам тээврийн осол, хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөл, түүнийг арилгах арга зам, цаашид анхаарах шаардлагатай байгаа асуудлаар санал, зөвлөмж хүргүүлэхээр тогтсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба