ОЛОН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН 18 ДУГААР УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

A- A A+
ОЛОН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН 18 ДУГААР УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Олон Улсын Ерөнхий прокуроруудын ажил хэргийн төвшний уулзалт жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн 18 дугаар удаагийн уулзалтыг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий прокурорын газраас 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр видео хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Монгол Улсын Прокурорын байгууллагыг төлөөлөн Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат тэргүүтэй 6 прокурор оролцож “Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, хариу арга хэмжээ авахад орчин үеийн техник технологи, программ хангамж ашиглаж байгаа байдал” сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Хуралдааныг даргалагч Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий прокурор Юлдашев Нигматилла Тулкиновичээс Монгол Улсыг утга агуулга бүхий тодорхой мэдээлэл хийсэн хэмээн үнэлж, нийт оролцогч улсуудын өмнөөс талархал илэрхийллээ. 

Түүнчлэн хэд хэдэн орны Ерөнхий прокуроруудыг, түүний дотор Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханыг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар хамтын ажиллагааны төлөө “Хамкорлик учун” шагналаар шагналаа.

Мөн хуралдаанд оролцсон гишүүн орнуудын Ерөнхий прокурорууд протоколд гарын үсэг зурж, авлига албан тушаалын болон улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээ илэрхийлэв.