Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ажилтан, МУСТА М.Цолмон Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойд зориулан ерөөл дэвшүүлснийг та бүхэнд хүргэж байна.
Зээ: Хувьтай Монгол улсынхаа амар амгалангийн төлөө
Хууль сахиулах дээд байгууллага
Худал хуурмагийг дэглэн ноёрхогч
Хувь хүн, албан байгууллагыг дээдлэн хүндлэгч
Хурал шүүхэд дэмжин оролцогч
Шүүх, цагдаа, хорих ангиудтай
Шүтэн барилдлага холбоотой ажилладаг
Шударга үнэний төлөө шулуун цэгц тангарагтай
Шунал авилгал, хээл хахуулийг шууд таслах үүрэгтэй.
Гэмтэй гэмгүйг ялгаж таньдаг
Гэнэн нэгний ямрыг нь мэдэрч
Гэрэлт ирээдүйг нь ямагт сайнаар хардаг
Төрдөө зүтгэсэн прокурорын байгууллагынхаа
Төрсөн ой 90 жилээ төгс тэмдэглэх
Төгөлдөр мэндийг нь дэвшүүлэн айлтгая
Зээ: Түмэн олондоо зүтгэсэн
Түүхт 90 жилийн ойгоо
Тэмдэглэн өнгөрүүлэх
Тэнгэрлэг азын тоотой 2020 ондоо
Урлаг, спорт, соёлын арга хэмжээ нь
Улам солонгорон бадарч
Улс орныхоо гэгээн замналд
Урам зоригтой зүтгэсэн
Бахархалт сайхан үйлс чинь
Бадран гийж явахын баялаг ерөөл өргье өө
Элдэв янзын хэрэгт эхийн сэтгэлээр оролцож
Эндэж алдсан нэгэнд эцгийн ташуур өгч
Үнэн мөнөний төлөө үгээ ямагт хурцалж
Үйлээ үзсэн хүмүүст үрийн сэтгэл шиг хандаж
Үйлс заяаных нь төлөө үүргээ ухамсарлаж явдаг
Үнэхээрийн буянт үйлстэн прокурорын байгууллага билээ
Зээ: Тэр болгоны мэдээд байдаггүй
Тэнгэрлэг хүмүүсийнхээ албыг дурьдвал
Туслах ажилтантай хяналтын прокурорууд
Туйлын хариуцлагатай ахлах прокурор,
Тусгай ажиллагаатай орлогч прокурор
Хууль цаазын шадар зөвлөх хувиршгүй шударга ерөнхий прокурор гээд л
Тамгын хэлтсийн дарга тайлан тооцооны нягтлан
Тараах баримт, материалтай зарлага
Даргын туслах нарийн бичиг даан чиг мэргэшсэн жолооч, нярав,
Үйлчлэгч, архивч програмист, үүдний жижүүр гээд л
Үүгээр манай прокурорын байгууллага
Үүсэн тогтнож үйл ажиллагаагаа явуулдаг билээ
Зээ: Төлөвхөн даруухан прокурорууд маань
Төр улсдаа үнэлэгдэж
Түмэн олондоо хүндлэгдэн, түгж алдраа цуурайтуулж
Түүхэнд нэрээ мөнхөлсөн
Эрхэмсэг эгэлхэн прокурорууд маань
Эрхэлсэн ажлаараа энгэр дүүрэн одонтой
Эх орон, ардаасаа сэтгэл дүүрэн магтаалтай
Үүсгэсэн ажил тань үүрд дурсагдах гавьяатай
Үр дүн, ач тус тань үргэлж мандан бадарч явахын
Өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь
Өргөн барьж дэвшүүлэн айлтгая аа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба