ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар болж 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хүүхэд хамгааллын иж бүрэн түншлэлийн компакт гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2020.10.27/ Гадаад харилцааны яаманд боллоо.

Тус нээлтэд Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх С.Алиманцэцэг оролцож “дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү түншлэлийн гэрээний үр дүнд Монгол улсад хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүүхэд худалдаалсан, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл тогтоогдон, улмаар  гэмт хэргийн тоо буурах төдийгүй энэ төрлийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах, гэмт этгээдэд зохих ял шийтгэлийг оногдуулах, хүүхдийн биед учирсан гэмтэл, хохирлыг нөхөн сэргээх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд чухал нөлөө үзүүлнэ” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Түүнчлэн гэрээний нээлтийн үйл жиллагаанд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд нар болон Азийн сан, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.