АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ “МОНГОЛ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ЛЕКЦ УНШЛАА

A- A A+
АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ “МОНГОЛ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ” СЭДЭВТ ЛЕКЦ УНШЛАА

Прокурорын байгууллагын намрын сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2020.10.28/ Улсын ерөнхий прокурорын газарт боллоо. Прокурорын байгууллага сургалтын талаар баримтлах үзэл баримтлалыг 4 жилийн хугацаатайгаар төлөвлөсөн ба сургалтыг академич, МУИС-ийн эмирет профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэлийн “Монгол төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт лекцээр эхлүүллээ.

Сургалтад Улсын Ерөнхий Прокурорын газрын хэлтсийн дарга нар прокурор, ажилтнуудаас гадна аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнууд цахимаар оролцсон юм.

Академич С.Нарангэрэл ёс зүй гэж юу болох, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний талаар лекц уншсан бөгөөд сургалтын төгсгөлд прокурорууд  сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан академич С.Нарангэрэл нийт прокуроруудын дунд “Монголын прокурорын ёс зүй” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарласан бөгөөд амжилттай оролцсон Говьсүмбэр  аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэд, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Нарантуяа нарт “Академичийн талархал”-ыг гардуулан өгсөн юм.

Академич С.Нарангэрэл: БИ ПРОКУРОРООС ТӨРСӨН ЭРДЭМТЭН

Прокурорын энэ нэр хүндтэй хариуцлагатай албыг сайн хаших үндэс нь ёс зүйдээ байгаа юм. Хаана ямар сургууль төгссөн нь сонин биш дор хаяж гурван үедээ шударга байсан эсэх, удам сударт нь худал хуурмаг хүн байсан эсэх, оюутан байхдаа ямар байсан, хамт олондоо нэр хүндтэй юу зэрэг олон зүйлийг судалсны үндсэн дээр прокурор болох хүнийг шилж сонгох шаардлагатай.

Прокурорын байгууллага энэ жилийнхээ сургалтын нээлтэд намайг урьж төрийн албан хаагчийн ёс зүйн талаар шинжлэх ухааны онолын лекц уншуулсан явдал нь цаашдаа прокурорын байгууллагын ажлыг сайжруулах хамгийн гол тулгамдсан асуудлаа олж харсан байна гэж судлаачийн хувьд үзэж байна.

Би Монгол Улсын Их Сургуульд арав гаруй жил ажилласны дараа Нийслэлийн прокурорын орлогчоор 3 жил ажиллаж, дараа нь Улсын Ерөнхий прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийг удирдсан. Энэ үед прокурорын байгууллага нь хууль сахиулах байгууллага дотроо тэргүүлэх байгууллага болсон. Шүүхэд шууд хяналт тавьдаг, шүүх хэдэн жилийн өмнө шийдсэн хэрэгт прокурор хяналт тавиад Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичээд тухайн хэргийн алдааг залруулж, гэм буруугүй хүмүүсийн сэвтсэн нэр хүндийг зөвтгөж өгдөг. Ийм хүнд ажил дээр гурван жил гаруй ажилласан.

Би Нийслэлийн ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байхдаа 1988 онд ЗХУ-д Хууль зүйн салбарын дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Тиймээс би өөрийгөө прокуророос төрсөн эрдэмтэн гэж үздэг.  Олон туршлагатай ахмад прокуроруудтай хамт ажиллаж байсан нь өнөөдрийн эгэл жирийн иргэн Нарангэрэлийг бий болгож нийгэмд тодорхой байр суурь эзлэхэд тус дөхөм болсон гэж боддог. Цаашдаа монголын прокурорууд Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхээ нэр төртэй хэрэгжүүлж, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд бодитой жинтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байдаг.