Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тус дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Орон нутгийн замын хяналтын хэлтэс, Зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтэс, Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд ахлах прокурор Ж.Бат-Эрдэнэ “Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль хэрэгжүүлж байгаа байдал, анхаарах асуудал”, ахлах прокурор Б.Байгалмаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн хэрэг, материалыг шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийж, санал солилцлоо.
Мөн Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт” аянд идэвх санаачилга гарган оролцсон Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд дүүргийн прокурорын газраас “Талархал” гардууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба