ПРОКУРОРООС ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ

A- A A+
ПРОКУРОРООС ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тус дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн удирдлагууд болон зөрчлийн байцаагч, зохицуулагч, цагдаа зохицуулагч нартай уулзалт, ярилцлага хийлээ.

Энэхүү уулзалтаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн талаарх гомдол, мэдээллийг шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар санал солилцож, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэл зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр хэд хэдэн үүрэг өгсөн байна.

Онцолбол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их зам тээврийн осол гарч буй Өлзийт хорооллын зам, Нисэхийн тойрог орчим зам тээврийн  зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, замын эвдрэл, гэмтлийн улмаас осол гарсан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын газарт болон холбогдох байгууллагад хандаж байх, зам тээврийн ослын улмаас нийтийн эзэмшилд хохирол хор уршиг учирч, нөхөн төлөгдөөгүй тохиолдол бүрийг прокурорт даруй мэдэгдэж иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлж байхыг үүрэг болгожээ.

Мөн уулзалтын үеэр Хан-Уул дүүргийн замын хөдөлгөөнд оролцогчдын тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байгаа боловч тус дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн техник хэрэгсэл, хүний нөөц дутагдалтай байгаа талаар замын зохицуулагчид саналаа хэлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, бодлоо илэрхийлсэн байна.