Ховд Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн прокурорын газраас хамтран тус аймгийн төрийн байгууллагууд, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиудын багш ажилтнуудын дунд “Авлига, албан тушаалын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” богино хэмжээний видео шторк бэлтгэх уралдаан зохион байгуулж шилдгүүдийг тодруулан, шагналыг гардуулан өглөө.
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиудын хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхол, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хор аюулыг нийтэд сурталчлан таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан тус уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд идэвх санаачлагатай оролцсоноос 2 дугаар сургууль, Лаборатори 1 дүгээр сургууль, 3 дугаар сургууль эхний гурван байрыг, тусгай байрыг Прогресс сургууль тус тус эзэлжээ. Шагналт байр эзэлсэн видео шторкуудыг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд хүргэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба