Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших, мөн тус хэлтсийн хяналтын прокурор Ц.Мөнхбат нар хамтран “Прокурорын байгууллагын прокурор, ажилтны эрдэм шинжилгээний бүтээл, ном, товхимол зүйн бүртгэл” номыг эмхэтгэн гаргажээ.
Энэхүү номонд 1958-2020 он хүртэлх хугацаанд прокурор, ажилтнуудын гаргасан бүтээлийн жагсаалт багтсан бөгөөд нийт 5 бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт “Эрдмийн зэрэг, дэд эрдэмтэн, боловсролын доктор, магистрын зэрэг хамгаалсан бүтээл”, хоёрдугаар бүлэгт “Нэг сэдэвт зохиол, хамтын бүтээл, ном, сурах бичиг, толь, гарын авлага”, гуравдугаар бүлэгт “Эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, нийтлэл”, дөрөвдүгээр бүлэгт “Судалгааны тайлан, аргачлал, зөвлөмж”, тавдугаар бүлэгт “Бусад бүтээл”, нийт 1260 бүтээлийн жагсаалтыг зохиогчийн нэрсийн цагаан толгойн үсгийн дарааллаар багтаасан байна.
Тус эмхэтгэл нь прокурор, ажилтнуудын гаргасан ном, товхимол бүтээлийг нийтэд сурталчлах, эрхзүй судлаачдын судалгаа шинжилгээний ажлын томоохон эх сурвалж, хэрэглэгдэхүүн болохын зэрэгцээ хууль зүйн салбарын ном зүйн судлалын хөгжилд хувь нэмэр оруулсан чухал ач холбогдолтой юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба