Б.ЧИНБИЛИГ: ХҮҮХЭД ХОХИРСОН АСУУДАЛД СЭТГЭЛЗҮЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ НЭХЭМЖИЛЖ БАЙНА

A- A A+
Б.ЧИНБИЛИГ: ХҮҮХЭД ХОХИРСОН АСУУДАЛД СЭТГЭЛЗҮЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ НЭХЭМЖИЛЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо хохирогчийн сэтгэл заслын эмчилгээний зардал, сэтгэл зүйн хохирлыг арилгуулах асуудлаар санал гарган шийдвэрлүүлжээ. Энэ талаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинбилигтэй ярилцлаа.

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон бага насны хүүхдэд сэтгэл заслын эмчилгээ хийлгэх зардлыг шүүгдэгчээс гаргуулж байх практик тогтоосон шийдвэр гарсан. Тухайн эрүүгийн хэрэгт та хяналт тавьж, шүүх хуралдаанд нь улсын  яллагчаар оролцсон байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хүчиндэх гэмт хэргийн хохирогчид ялангуяа бага насны хүүхдүүд бие махбодийн гэмтлээс гадна сэтгэл санааны асар их хохирол амсдаг. Хэдийгээр гэмт хэрэгтэн буюу шүүгдэгчид хорих ял оноож шийтгэдэг ч хохирогч хүүхдэд учирсан сэтгэл санааны хохирол буюу сэтгэлзүйд учирсан хар бараан дурсамжийн талаар төдийлөн дурсахгүй өнгөрдөг нь олон. Ялангуяа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн улмаас хохирогчийн бие махбодид хохирол учрахаас гадна сэтгэл зүйд нь тодорхой хэмжээний өөрчлөлт, сөрөг үр дагавар, сэтгэцийн гүн цочрол үүсдэг. Хүний биед учирсан гэмтэл ихэнх тохиолдолд эдгэх хэдий ч, сэтгэлзүйд учирсан цочрол эдгэрч, хэвийн байдалд ордоггүй, насан туршид нь үлдэж, нөлөөлдөг, улмаар сэтгэцийн эмгэг, өвчтэй болох магадлал өндөр. Улмаар амиа хорлох, амьдрах итгэлгүй болох, нойрны хямрал, айдас, түгшүүр, үзэн ядах, харамсах сэтгэлзүйтэй болох, бие махбодио гэмтээх зэрэг сөрөг үр дагавар гардаг гэдгийг Сэтгэл судлалын шинжлэх ухаан судалж, тогтоосон байдаг. Сэтгэцийн цочрол, өөрчлөлт нь намжмал байдалд байж, түр хугацаанд хэвийн мэт байдалд ордог боловч сэтгэлзүйн засал, үйлчилгээ аваагүйн улмаас улам сэдэрч сэтгэцийн эмгэг, өвчин болох магадлалтай юм.

Энэ гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд анх удаа хяналт тавьж байхдаа хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл ямар нэгэн байдлаар эдгэрч дээрддэг. Харин сэтгэл санаанд нь үүссэн хар толбо, таагүй дурсамжийг яах ёстой талаар хэн ч ярихгүй байгаа юм бол гэсэн бодол төрж байсан юм. Тэгээд 2018 онд төрсөн эцэг нь охиноо удаан хугацаанд хүчирхийлж байсан эрүүгийн хэрэгт хяналт тавихдаа хохирогч охины сэтгэлзүйн оношийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулж, сэтгэл заслын эмчилгээнд шаардагдах зардлыг мөнгөн дүнгээр тооцон, хавтаст  хэрэгт тусгаснаар энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломж бүрдсэн. Энэ хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн сэтгэл заслын эмчилгээний болон аюулгүй байдал, хамгаалалтын зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь давах болон хяналтын шатны шүүхээс хэвээр шийдэгдсэн юм. Одоо прокуророос бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхдээ хохирогчийн сэтгэлзүйн оношилгооны дүгнэлтийг нотлох баримтаар үнэлүүлэх, сэтгэцийн гүн цочролд орсны улмаас айдас түгшүүрийн байдал өндөр байгаа тохиолдолд шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцуулахаар санал гаргаж, шүүхийн шийдвэрт тусгуулж байхад анхаарч ажиллаж байна.

-Хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн сэтгэлзүйд учирсан хохирлыг хэрхэн тооцдог вэ.  2018 оноос хойш хэдэн хохирогчийн сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлүүлсэн бэ?

-Юуны өмнө би судлаач биш гэдгийг хэлмээр байна. Гэхдээ ажлынхаа хүрээнд судалгаа хийх, сурч, боловсрох, мэдлэг, мэдээлэл авах шаардлага байнга гардаг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан бол агуу. Хүн гар утсаа гээгдүүлэх, хүнтэй хэрэлдэж хүнээс хурц таагүй үг сонсох, хүнд зодуулах зэрэгт сэтгэл нь хямарч, таагүй байдгийг бүгд мэднэ. Гэтэл бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн, хүүхэд ямар байх нь ойлгомжтой. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчийн хувьд сэтгэцэд нь өөрчлөлт орсон эсэх, эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг прокуророос мэргэжлийн сэтгэлзүйчийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулан, хэдий хугацааны, ямар засал, эмчилгээ хийлгэх шаардлагатайг  тогтоолгон, зардлыг нь тооцож, шүүгдэгчээс гаргуулах саналыг шүүхэд тавьж байна.Гэсэн хэдий ч прокурорын саналыг хүлээн авч, хохирсон хүүхдийн сэтгэл заслын оношлогоо, эмчилгээнд хамруулах зардлыг шүүгдэгчээс гаргуулах шүүхийн практик бүрэн тогтоогүй байна. Үүний тулд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ч энэ асуудлыг заавал шалгаж, жишиг болгох хэрэгтэй байгаа юм.

Манай дүүргийн хувьд 2018 оноос хойш яг энэ асуудлаар буюу шүүгдэгчээс сэтгэцийн эмчилгээний зардлыг төлүүлэхээр шүүхээр шийдвэрлүүлсэн хоёр хэрэг байна. Харин таван хэргийг Иргэний журмаар нэхэмжлэхээр, хоёр хэргийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдээгүй ч сэтгэл санааны хохирол, хор уршгийг, тогтоосон талаар шүүхийн шийдвэрт тусгаж шийдвэрлэж байсан.Хамгийн сүүлд гэвэл, өсвөр насны гурван хүүхэд хүчиндүүлсэн эрүүгийн хэрэгт манай дүүргийн шүүх “...Тус хэрэгт прокурор бага насны хохирогч нарын сэтгэцээс гадна сэтгэлзүйн оношилгооны дүгнэлт гаргуулсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийг зайлшгүй тогтоох Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн байна...” гэж дүгнэсэн. Мөн хэргийн хохирогч нарт гаргасан сэтгэлзүйн оношилгооны дүгнэлт, сэтгэл заслын эмчилгээний төрөл, хэлбэрийн дагуу эмчилгээг тодорхой хугацаанд тогтмол хийлгэх нь зайлшгүй чухал болохыг онцлон, гарах зардлыг шүүгдэгч нараас гаргуулах талаар прокурор үндэслэл бүхий санал гаргасан байна гэж үзсэн.  Иргэд Прокурорыг “яллагч” талаас нь хараад байдаг талтай. Уг нь бол прокурор мөрдөн шалгах ажиллагаанд хяналтаа тавьж, хуулийн заалтыг бүрэн хангуулах, хэрэг шалгах явцад хүний эрх зөрчигдөхөөс сэргийлдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон хүнийг хэлмэгдүүлэхвий, эрх нь зөрчигдөхвий гэж анхаарч, хяналтаа тавьдаг юм. Мөн хохирсон иргэний эрх ашгийг ч давхар хамгаалж байдаг.Энэ үүднээс зөвхөн хохирогч бус хэрэгт холбогдсон хүний ч сэтгэлзүйн дүгнэлтийг гаргуулдаг.

-Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа вэ. Хохирогч хүүхдүүд сэтгэл заслын эмчилгээ үйлчилгээндээ хамрагдаж чадаж байгаа юу?

-Сүүлд шүүхээр шийдвэрлүүлсэн хэрэгт хохирогчийн сэтгэц заслын үйлчилгээг тодорхой хугацаанд тогтмол хийлгэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, хохирогчийн эцэг, эхэд даалгасан. Насанд хүрээгүй хохирогч нарт олон төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэдэг төрийн болон төрийн бус байгууллагууд хүртээмжтэй бус байдаг.

Өнгөрсөн хугацаанд сэтгэлзүйн дүгнэлт гаргуулах эсвэл тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч нь өөрөө хүсээд, хандсан тохиолдолд сэтгэлзүйн тодорхой төрлийн үйлчилгээнүүдийг авах эрхийг нь хангаж, сэтгэлзүйчтэй эсвэл байгууллагуудтай холбож өгч ажилласан. Гэвч  тухайн хүний амьдралын нөхцөл байдал, боломж бололцоогоос шалтгаалаад тогтмол очиж үзүүлэх, засал үйлчилгээ авах явдал төдийлөн сайн явагдахгүй байна.

-Сэтгэлзүйн оношилгоо хийлгэж, энэ төрлийн эмчилгээ үйлчилгээг авснаар хохирогчийн сэтгэл санаанд хэрхэн өөрчлөлт гарч байна вэ?

-Эрүүгийн хэрэгт сэтгэлзүйн оношлогоо  буюу дүгнэлт гаргуулснаар тухайн хэргийг шийдвэрлэхэд болон хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, эцэг, эхэд  ихээхэн ач холбогдолтой. Нэг жишээ хэлэхэд, 10 настай хохирогчтой хэрэг дээр мөрдөгч түүнээс хэргийн талаар мэдүүлэг авах гээд чадаагүй. Өөрөөр хэлбэл охин юу ч ярихгүй байсан. Хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхэдтэй ярилцах, мэдүүлэг авах бол маш хэцүү ажил. Прокурорын зүгээс сэтгэл судлаачид хандсан. Тухайн хүүхэд сэтгэл судлаачтай гурван удаа уулзаж, ярилцлага хийсний дараа хэргийн талаар тодорхой ярьсан. Ер нь бол мэргэжлийн хүний давуу тал маш тодорхой харагдсан. Эхний тохиолдолд л ийм үр дүнд хүрч байгаа юм чинь, цаашид сэтгэл заслын эмчилгээ хийлгэвэл ямар байх нь ойлгомжтой. Эхлээд дуугарахгүй, уйлж, айдастай байсан хүүхэд сэтгэл судлаачтай уулзсаны дараа болсон явдлыг ярих, нүдэнд нь инээмсэглэл тодрох зэрэг өөрчлөлтүүд илэрдэг тохиолдол олон байдаг.

Бидний нүдэнд харагдахгүй ч сэтгэл санаанд нь эерэг өөрчлөлтүүд гарч, ирээдүйн амьдралд нь сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

-Хүчингийн хэрэг далд, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа нь хамгийн их анхаарал татдаг. Прокурорын бай­гуул­лагаас энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулж ажиллаж байна вэ? 

-Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хүүхэд хохирсон эрүүгийн хэрэгт хяналт тавих прокурорыг мэргэшүүлж, дагнан ажиллуулахад анхаардаг. Энэ нь хохирогчийн эрх, ашгийг бүх хэрэгт ижил тэгш хамгаалах, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн прокурорын байгууллагаас урьдчилан сэргийлэх яриа, таниулга, сургалтын ажлыг тогтмол хийдэг. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд соён гэгээрүүлэх ажил маш чухал.  Үүнээс гадна эцэг, эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч гээд хүүхэдтэй ойр байдаг хүмүүс хүүхдийнхээ сэтгэлзүй, зан төлөвийг байнга ажиглаж, сайн ярилцаж байх нь хэргийг илрүүлэх, таслан зогсооход чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.02.02 МЯГМАР № 23 (6500)