Увс аймгийн прокурорын газраас Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2020 он, 2021 оны 2 дугаар сарын байдлаар судалж, холбогдох арга хэмжээг авчээ.
Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссоос коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хорио цээр хөдөлгөөний хязгаарлалтыг зохицуулсан шийдвэрүүдийг авч хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор тус аймгийн Засаг дарга хөдөлгөөний хязгаарлалт болон хорио цээрийг тогтоосон захирамжуудыг өнгөрсөн хугацаанд гаргасан байна. Гэвч үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь, согтууруулах ундаа түүгээр үйлчлэх цагийн хязгаарлалт тогтоосныг зөрчиж оройн цагаар архи согтууруулах ундаагаар үйлчлэх, эрсдэл бүхий газраас нууцаар гарч хязгаарлалт зөрчих зэрэг Гамшгаас хамгаалах тухай хуулинд заасан үүргээ биелүүлэхгүй зөрчлүүд гарчээ.
Аймгийн цагдаагийн газар болон Онцгой байдлын газар нь 2020 онд 23, 2021 онд 11 зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн байна. 2020 онд эрх бүхий албан тушаалтан Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн 21 иргэнийг 3.350.000 төгрөгөөр, шүүхээс 14 хэргийн 17 холбогдогчийг 8.105.000 төгрөгөөр торгох, 5 хэргийн 13 холбогдогчийг 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Харин энэ оны 2 сарын байдлаар эрх бүхий албан тушаалтан Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн 3 иргэнийг 300.000 төгрөгөөр, шүүхээс 2 хуулийн этгээдийг тус бүр 5.000.000 төгрөгөөр, 2 хэргийн 2 холбогдогчийг тус бүр 500.000 төгрөгөөр, 1 хэргийн 1 холбогдогчийг 30 хоног баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Иймд Увс аймгийн прокурорын газраас “Гамшгаас хамгаалах тухай хууль” зөрчих зөрчлийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, гаралтыг нь бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль эрх зүйн зохих мэдлэг олгох чиглэлээр хууль сахиулах болон төрийн бус байгууллагатай хамтран үр дүнтэй ажил зохион байгуулах талаар аймгийн Онцгой байдлын газар, Аймгийн онцгой комисст, мөн энэ төрлийн зөрчлийн 72.9 хувь нь үйлдэгдсэн Улаангом сумын Иргэдийн Нийтийн хурлын даргад тус тус мэдэгдэл хүргүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба