ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЗҮЙ БУСААР БИЕЭ АВЧ ЯВАХ ЗӨРЧЛИЙН ТАЛААР

A- A A+
ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЗҮЙ БУСААР БИЕЭ АВЧ ЯВАХ ЗӨРЧЛИЙН ТАЛААР

Про подкаст №34. Улсын Ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Эрдэнэтэй "Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчлийн талаар" ярилцлаа.

- Төрийн байгууллага гэлтгүй хувийн хэвшлийн байгууллагууд ч гэсэн хүнийг ажилд авахдаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх талаарх лавлагааг Цагдаагийн байгууллагаас гаргуулан авч судалдаг болсон. Олон нийтийн газар, гудамж, талбайд нус, цэрээ хаях, бие засах зэргээр зүй бусаар биеэ авч яван торгуулж байсан гэх зөрчлийн түүх гараад ирвэл ажил олгогч Таныг наад захын ёс зүйгүй хүн байна гээд ажилд авахгүй байх магадлалтай.

- Иргэд олон нийтийн газар, гудамж, талбайд ил задгай бие засаж, нус, цэрээ хаяж байгаагаас үүдэн бусад иргэд ямар ч халдварт өвчлөлд өртөж болно. Тухайлбал, амьсгалын замаар халддаг сүрьеэ, ханиад томуу, коронавирусийн халдвар хүртэл тархах эрсдэлтэй.

- Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар нь Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт сумдын иргэд, байгууллага, албан тушаалтнаас гаргасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг эрх бүхий байгууллагаас шалгаж шийдвэрлэх, мөн тухайн сумдын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эрүүгийн болон зөрчлийн хэргийг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж ажилладаг.

- 2020 онд дээрх сумдын нутаг дэвсгэрт Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах” зөрчил нийт 1112 үйлдэгдэж, Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас 11.120.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.