Про подкаст №37. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ихбаяртай "Хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн талаар" ярилцлаа.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 211 дүгээр зүйлийн 211.1.3-т “хорих байгууллагын алба хаагчаас даалгасан ажлыг заавал гүйцэтгэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг чанд сахих;” гэж хоригдлын хүлээх үүргийг тодорхойлж, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.4-т “хоригдлыг нийгэмшүүлэх ажлыг ял эдлүүлэх ажиллагааг хөдөлмөр, сургалттай хослуулах, хоригдлын бүтээлч ажиллагаа, үр ашигтай санаачилгыг дэмжих, ёс зүй, сэтгэл зүйн нөлөөллийг хорих ангийн дэглэм, зэрэглэлийн онцлогийг харгалзан зохион байгуулна.” гэж, мөн хуулийн 214-217 дугаар зүйлд “Хоригдлын хөдөлмөр, түүний нөхцөл, цалин хөлс, урамшуулал, ямар тохиолдолд хөдөлмөрт гаргахыг хориглох, зөвшөөрөх” зэргийг тодорхой хуульчилсан.
- Олон Улсын конвенцод хоригдлыг хөдөлмөрлүүлэхэд үндсэн 3 шаардлагыг тавьсан байдаг. Үүнд: 1-т. Шүүхээр ял шийтгүүлсэн байх, 2-т Төрийн эрх бүхий байгууллагын хяналтад буюу хорих ангийн удирдлага, хорих ангийн ажилтан зэргийн хяналт дор хийгдэх ёстой, 3-т Хоригдлыг хувь хүн, компани эсхүл нийгэмлэгийн мэдэлд хөлслөх буюу шилжүүлэхгүй байх буюу хоригдлын өөрийн хүсэлт, зөвшөөрлийн үндсэн дээр л ажиллуулахыг зөвшөөрөх гэсэн утгаар илэрхийлэгдэж байдаг.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хоригдлыг төрийн нууц, цэрэг стратегийн холбогдолтой болон тусгай дэглэм бүхий онцгой объектод хөдөлмөрлүүлэхийг хориглодог. Түүнчлэн хаалттай дэглэм бүхий хоригдлыг хорих ангийн хамгаалалтын бүсээс гадна ажиллуулах, прокурорын зөвшөөрөлгүй ажиллуулахыг хориглодог.
- Хоригдол хөдөлмөр эрхэлснээр нийтэд аюулгүй болж засарч хүмүүжих, засарч хүмүүжсэнээ нотлон харуулах үндэс, суурь нь болж өгдөг гэж үздэг. Ингэснээр хоригдол нь ял эдлэх дэглэм, зэрэглэл буурах, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломж нээгдэх, засарч хүмүүжсэнээ хөдөлмөр эрхлэлтийн байдлаараа харуулах, хөдөлмөрийн дадал олгох сургалтад хамрагдаж энэ чиглэлээрээ ажилласнаар тодорхой мэргэжилтэй болж, суллагдан гараад ажиллах, амьдрах баталгаагаа олж авах зэрэг хоригдлын эрх зүйн байдалд эерэгээр нөлөөлөх өндөр ач холбогдолтой.
- Хоригдол хөдөлмөр эрхэлж байгаа нөхцөлд сар бүр 10 хүртэл шагналын хоногоор урамшуулагддаг. Прокурор хоригдлын хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдсан эсэх, цалин хөлсийг зохих журмын дагуу олгосон эсэх, шагналын хоногийн урамшууллыг зөв тооцсон эсэх зэрэгт хяналт тавьж, эрхийг нь хамгаалдаг.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба