Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдөр бол "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр". Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг дэлхий дахинд 2001 оноос хойш, манай улсад 2006 оноос хойш тэмдэглэж иржээ. Энэ өдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлууд зохион байгуулж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт уриалж сануулж ирсэн байна.
Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенцод Монгол Улс 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэгдэн орсноос эхлэн Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн.
Энэхүү конвенцод “Оролцогч улсууд хүүхдийг, түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч болон гэр бүлийн бусад гишүүний байдал, үйл ажиллагаа, үзэл бодол болон итгэл үнэмшлийг үндэслэн аливаа хэлбэрээр алагчлахгүй бөгөөд шийтгэхээс хамгаалах бүх зохистой арга хэмжээг авна.” гэж заасан байдаг бөгөөд Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудад энэ талаар хуульчилсан байдаг.
Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт улсын хэмжээнд дараах байдалтай байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг 2020 онд 2611 бүртгэгдсэн бол 2021 оны 1 дүгээр улиралд 1139 бүртгэгдэж шалгагдсан байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлд заасан Хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй ижил түвшинд буюу нийслэлд 2, орон нутагт 1, нийт 3 гарсан байна. Үүнээс 1 хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ!
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба