ШҮҮХ ХУРАЛДААНЫ ҮЕ ШАТУУД, ТҮҮНИЙ ОНЦЛОГ

A- A A+
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ҮЕ ШАТУУД, ТҮҮНИЙ ОНЦЛОГ

Про подкаст №40 УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Дархан-Уул аймгийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Б.Сүрмандахтай ШҮҮХ ХУРАЛДААНЫ ҮЕ ШАТУУД, ТҮҮНИЙ ОНЦЛОГ-ийн талаар ярилцлаа. 

  • Шүүх хуралдаан талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчмын үндсэн дээр буюу аль нэг тал нь давуу эрх эдлэхгүйгээр явагддаг.
  • Шүүхийг анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шатны шүүх гэж ангилна.
  • Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан нь :

-Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг,

-Гэм буруутай эсэхийг тогтоох хуралдаан,

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдаан гэсэн гурван үе шаттай.

  • Урьдчилсан хэлэлцүүлгээр оролцогч талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар өмгөөлүүлэх эрхээр хангуулах, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх гэх мэт хуульд заасан 17 асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргадаг.  
  • Гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан нь хаалттай эсвэл нээлттэй явагдаж болно. Яллагдагчийн хувьд энэ шүүх хуралдаанд “шүүгдэгч” гэсэн нэрээр оролцдог онцлогтой. Энэ шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэдэг.
  • Шүүх хуралдаан тодорхой дэгийн дагуу явагддаг. Тухайлбал, шүүгч, шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирэх, шийдвэр уншин сонсгоход хуралдааны танхимд байгаа хүмүүс бүгд босож шүүхэд хүндэтгэл үзүүлнэ. Мөн шүүх хуралдаанд оролцогч нь үг хэлэх, мэдүүлэг өгөхдөө суудлаасаа босно, шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, бусадтай зэрэгцэн ярихыг хориглох зэрэг дэгтэй байна.
  • Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдаан нь гэм буруутай эсэхийг тогтоох хуралдаан явагдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг тогтоосны дараа явагддаг.  
  • Прокурор анхан шатны журмаар болон давж заалдах, хяналтын шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаануудад заавал оролцоно.
  • Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2020 оны шүүхэд төрийг төлөөлөх ажлын тоон мэдээнээс харахад нэг шүүх хуралдаан хамгийн багадаа 2-3 цаг үргэлжилдэг гэж үзвэл зөвхөн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанд 1 прокурор жилд 860-1290 цагийг энэ хуралдаанд оролцоход зарцуулсан байна.