УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяртай ярилцлаа.
✅ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож, түүнийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний нийлбэр цогц юм.
✅ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх нэг субъект нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж байгууллага юм.
✅ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээд нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дараах нийтлэг үүргийг хүлээдэг. Тухайлбал:
- Байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, арилгах талаар тодорхой арга хэмжээг авах;
- Үйл ажиллагаа явуулж байгаа байршил, түүний ойр орчимд гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээг авах;
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг ажилтнууддаа мэдээлэх, сурталчлах;
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий хөтөлбөр, төлөвлөгөө, арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд үнэ төлбөргүй холбох, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх;
- Хуулийн этгээд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар мэдэгдэл, зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан бол түүний дагуу тодорхой арга хэмжээг авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.
✅ Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдэнд зориулсан ажлын байр бий болгох, хөдөлмөрлөх дадал, туршлага олоход нь дэмжлэг үзүүлж болно.
✅ Гэмт хэрэг, зөрчлийг шалгаж, хянан шийдвэрлэж буй эрх бүхий албан тушаалтан, мөрдөгч, прокуророос гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, түүний албан тушаалтанд мэдэгдэл бичдэг.
✅ Өмнөговь аймгийн Ханбогд сумын прокурорын газар 2021 оны эхний 4 сарын байдлаар гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 3, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 1, нийт 4 мэдэгдэл бичсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба