Багануур дүүргийн хэмжээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, таслан зогсооход тулгарч буй бэрхшээл, нөхцөл байдлыг хэлэлцэх, цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах зорилготой “Шийдэл” цахим хэлэлцүүлгийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан байна. Энэхүү арга хэмжээнд тус дүүргийн Цагдаагийн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчит байгууллагуудын удирдлага, иргэдийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцсон бөгөөд Багануур дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Дашцэрмаа “Хүүхдийн эрх хамгааллын эрх зүйн тогтолцоо, цаашид анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийжээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлж, хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, гэмт хэрэг зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба