Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нартай хамтран тус аймгийн Сүмбэр сумын 1, 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрийн суурин газрын ойролцоох орчны бохирдлын байдлыг шалгажээ.
Шалгалтаар зориулалтын бус газарт хог хаягдал, малын сэг зэм их хэмжээгээр ил задгай хаяж шинээр хогийн цэг үүсгэсэн, хөрс, агаар орчныг бохирдуулж, халдварт өвчин тархаж болзошгүй эрсдэл бий болгосон зэрэг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан Хог хаягдлын тухай хууль зөрчих, 6.17 дугаар зүйлд заасан Эрүүл ахуйн тухай хууль зөрчих, 7.4 дүгээр зүйлд заасан Агаарын тухай хууль зөрчих зөрчлүүд илэрсэн байна.
Иймд Сүмбэр сумын засаг даргыг Эрүүл ахуйн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэх, хог хаягдлын цэгт эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангах, зориулалтын бус хогийн цэгүүдийг болон авто зам дагуух хог хаягдал, гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, цэвэрлэх, зөрчил гаргагчийг илрүүлэн хариуцлага хүлээлгэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, таниулах зэрэг ажил, арга хэмжээг богино хугацаанд зохион байгуулах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлж, 1 сарын дотор бичгээр хариу ирүүлэхийг даалгасан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба