Прокурорын зөвшөөрлөөр хийгддэг мөрдөн шалгах ажиллагааны талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Донойтой ярилцлаа.
Прокурорын зөвшөөрлөөр хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа гэж юуг ойлгох вэ? Мөрдөгч ямар ажиллагаа явуулахдаа прокуророос зөвшөөрөл авах ёстой вэ?
2015 онд баталж, 2017 оны долддугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлох баримтыг ямар арга хэлбэрээр цуглуулж, бэхжүүлэх талаар тодорхой тусгаж, хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулах болон мөрдөгчөөс бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаа гэж зааглан ялгаж өгсөн гэж ойлгож болно. Мөрдөгч ямар ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан байдаг. Тухайлбал, нэгжлэг хийх, эд зүйл, баримт бичиг хураан авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, харилцаа холбооны сүлжээний хэрэглэгч, эзэмшигч хэн болох мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах, оршуулсан цогцосыг гарган шинжлэх зэрэг хүний эрх, хувь хүний нууцад халдсан ажиллагааг явуулахдаа прокуророос зөвшөөрөл авах ёстой.
Өмнө нь хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөгч дээрх ажиллагаануудыг явуулахдаа өөрөө шууд хийх боломжтой байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар дээрх ажиллагааг явуулахын тулд прокурорт санал гаргаж зөвшөөрөл авдаг болсон. Саналдаа тухайн ажиллагааг явуулах зорилго, үндэслэлээ заавал тусгана. Хэрэв мөрдөгч үндэслэлгүй санал гаргасан байвал прокурор хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэдэг. Энэ бол хүний эрх зөрчигдөхөөс хамгаалсан маш том зохицуулалт. Харин мөрдөгч хүний бие, эд зүйл, баримт бичиг, орон байр, агуулах сав, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, хэрэг гарсан газарт үзлэг хийх, мэдүүлэг авах, туршилт хийх, хэргийн оролцогч нарыг нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, шинжилгээ хийлгэх зэрэг ажиллагааг хийхдээ прокуророос зөвшөөрөл авалгүйгээр явуулж болно.
Прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааг зөрчиж шууд явуулсан тохиолдолд яах вэ?
Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах зэрэг бодит эрсдэл аюул байгаа хойшлуулшгүй тохиолдолд мөрдөгч дээр дурьдсан ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно. Гэхдээ уг ажиллагааг явуулахаас өмнө прокурорт мэдэгдэж, дууссаныхаа дараа 24 цагийн дотор хянуулдаг. Прокурор мөрдөгчөөс ирүүлсэн баримт материалтай танилцаж, хуулийн дагуу хийсэн эсэхийг нь хянаж тухайн ажиллагааг нь хүчинтэйд тооцох, эсвэл хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана. Энд нэг зүйл тодруулж хэлэхэд прокурор мөрдөгчөөс бие даан явуулдаг бусад мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьдагүй гэж ойлгож болохгүй. Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бүх ажиллагаанд тасралтгүй хяналт тавьж ажилладаг.
Хэрэв хойшлуулшгүй тохиолдол биш байхад мөрдөгч прокурорын зөвшөөрөлгүйгээр хэн нэгний гэр оронд орж нэгжлэг хийн, эд зүйл хураан авсан тохиолдол гарвал яах вэ?
Ийм тохиолдолд прокурорт гомдол гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хэрэгтэй. Прокурор уг ажиллагааг хүчингүй болгож, хураан авсан эд зүйлийг эзэмшигчид буцаан олгох арга хэмжээ авдаг. Мөрдөгч эрүүгийн хэргийг шалгах явцад хойшлуулшгүй нөхцөл байдал үүсээгүй л бол прокурорын зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэгжлэг хийх эрхгүй. Он гарснаас хойш мөрдөгчийн прокурорын зөвшөөрөлгүй явуулсан хоёр мөрдөн шалгах ажиллагааг хүчингүй болгож, хэргийн оролцогчдын зөрчигдсөн эрхийг сэргээсэн.
Прокуророос ямар төрлийн зөвшөөрлийг түлхүү олгож байна вэ?
Өнгөрсөн онд прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай мөрдөгчийн 19544 саналыг хянаж зөвшөөрөл олгосон бол энэ оны эхний дөрвөн сард 4462 саналыг хянаж зөвшөөрөл олгосон. Мөн мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тохиолдол 2020 онд 10, энэ онд хоёр гарсан байна.
Прокурорын зөвшөөрлийн дийлэнх хувийг мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах зөвшөөрөл эзэлдэг. Тодруулбал, 2020 онд өгсөн нийт зөвшөөрлийн 57.5 хувь, 2021 оны эхний дөрвөн сард өгсөн зөвшөөрлийн 48.3 хувь нь энэ төрлийн зөвшөөрөл байна. Мөн эд зүйл хураан авах, нэгжлэг хийх, харилцаа холбооны холбогдох байгууллагаас мэдээлэл гаргуулах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зөвшөөрлийг их авдаг.
эх сурвалж "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин 2021.6.7 ДАВАА № 113, 114 (6590, 6591)
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба