Ц.САЙНХҮҮ: БАЙГАЛЬ ЭКОЛОГИ БОЛОН АМЬТНЫ АЙМАГТ УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭД АНХААРАЛ ХАНДУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
Ц.САЙНХҮҮ: БАЙГАЛЬ ЭКОЛОГИ БОЛОН АМЬТНЫ АЙМАГТ УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭД АНХААРАЛ ХАНДУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Говь-Алтай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч  Ц.Сайнхүүтэй Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, түүний хор уршгийн талаар ярилцлаа. 

Говь-Алтай аймгийн прокурорын газраас Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг сүүлийн 10 жилийн байдлаар судалсан байна. Судалгаанаас харахад энэ төрлийн ямар хэргүүд түгээмэл үйлдэгдэж байна вэ?

Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2011-ээс 2020 оны хугацаанд аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, түүний шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлөлтийг судлах судалгааг хийсэн. Ийм олон жилийг хамарсан судалгаа урьд нь хийгдэж байгаагүй юм. Тус аймагт сүүлийн 10 жилд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нийт 57 бүртгэгдэн шалгагдсан байна. Үүнээс 11.4 хувь буюу 20 нь 2019, 2020 онд үйлдэгдсэн хэргүүд байна. Харин энэ оны эхний 5 сарын байдлаар Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 13 бүртгэгдсэн байгаа. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг дотроос Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах, Хууль бусаар ан агнах,  Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргүүд түгээмэл үйлдэгдсэн байна. Тэр дундаа 60 гаруй хувийг нь Хууль бусаар ан агнах гэмт хэрэг эзэлж байгаа бол дараа нь Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг эзэлж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Эдгээр гэмт хэргийн 28 буюу 49.1 хувийг нь прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж,  шийдвэрлүүлсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, 26-35 насны залуус байсан. Газар нутгийн хувьд тус аймгийн Есөнбулаг, Бигэр, Халиун, Цогт сумдад хамгийн их үйлдэгдэж байгаа судалгааны дүн гарсан.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль орчинд ноцтой хохирол учирдаг. Гэмт хэрэгтнүүдээс хохирлыг хэрхэн нөхөн төлүүлдэг вэ? Хэдий хэмжээний нөхөн төлбөр төлөгдсөн байна вэ?

Сүүлийн арван жилийн байдлаар Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль экологи болон амьтны аймагт 382 сая орчим төгрөгийн хохирол учирснаас 138 сая төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна. Харамсалтай нь 10 хэргийн 244 сая орчим мянган төгрөгийн хохирол төлөгдөөгүй судалгаа гарсан.

Тиймээс төлөгдөөгүй байгаа Байгаль орчинд болон амьтны аймагт учирсан хохирлыг хохирлыг буруутай этгээдээс гаргуулахад прокуророос анхаарч ажиллаж байгаа. Жишээ дурдвал, 2013 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэрт иргэн Т, М, Н, Э нар нь бүлэглэн 37 тооны монгол бөхөн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнаж улсад 148 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн хэдий ч хохирол нь өдийг хүртэл төлөгдөөгүй байсан. Уг хохирлыг төлүүлэхээр прокурорын нэхэмжлэл бичиж шүүхэд хандсан. Мөн 2014 онд нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг “агнасан” үйлдэлтэй, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж хааж шийдвэрлэсэн хэргийн холбогдогчоос байгаль орчинд учирсан 22.400.000 төгрөгийн хохирлыг барагдуулахаар 2019 онд прокурорын нэхэмжлэл бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Энэ онд бас нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг агнасан иргэн Д-д холбогдох хэрэгт Амьтны тухай хуульд зааснаар улсад учирсан 22.400.000 төгрөгийн хохирлыг барагдуулахаар прокурор нэхэмжлэл бичиж шүүхэд хандаад байна.

Говь-Алтай аймаг газарзүйн хувьд их онцлог. Тиймдээ ч ховор, нэн ховор амьтдыг хууль бусаар агнах гэмт хэргүүд их гардаг байх.

Говь-Алтай аймаг бол нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа 2 дугаарт ордог. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 33.8 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг эзэлдэг. Говийн их дархан цаазат газар, Сутай хайрхан уул зэрэг улсын тусгай хамгаалалтад авсан газрууд байдаг. Амьтны аймгаар баялаг аймаг юм. Засгийн газрын тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтын 76 зүйл амьтны 30 гаруй нь тус аймагт байдаг. Монголд төдийгүй дэлхийд ховорд тооцогддог мазаалай баавгай цөөн тоогоор байна. Сүүлд мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар ердөө 29 тоо толгой байна гэсэн байсан. Өнгөрсөн жил болсон Прокурорын байгууллагын 90 жилийн ойн Спортын 4 дүгээр их наадмын үеэр МАЗААЛАЙГ хамгаалах уриалга гаргасан. Мөн ховор амьтны нэг Бөхөн манай аймагт бас байдаг. Сүүлийн үед мал амьтны гоц халдварт өвчин, хууль бус ан, бэлчээрийн талхагдал зэргээс болж амьдрах орчин нь хомсдох явдал их гарч байна. Түүнчлэн хар сүүлт, зээр, цоохор ирвэс, зэгсний зэрлэг гахай зэрэг амьтад элбэг байдаг. Дээрх онцлогуудаас шалтгаалаад Хууль бусаар ан агнах гэмт хэрэг цөөнгүй гардаг бөгөөд гаралт нь ч төдийлөн буурахгүй байна. Тарвага, хар сүүлт, зээр, янгир ямаа, бөхөн, цоохор ирвэс, зэгсний зэрлэг гахай зэргийг хууль бусаар агнах гэмт хэрэг нэлээд үйлдэгдэж байна.

Ямар төрлийн ан агнах нь хууль бус байдаг юм бэ?

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тархан нутагшиж байгаа амьтан,  мөн ховор, нэн ховор амьтны жагсаалтад багтсан амьтад ордог. Амьтны тухай хуульд “нэн ховор амьтан” гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой нь эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй болсон устах аюулд орсон амьтныг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.  Харин “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлдэг.

Ямар тохиолдолд “нэн ховор” амьтныг агнаж болох вэ?

Амьтны тухай хуульд ямар тохиолдолд ховор, нэн ховор амьтныг агнаж болохыг хуульчилсан байдаг. Төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно гэж заасан байдаг. Бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнах, барих, арьс, яс, бусад түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, зориудаар тэжээж гаршуулах, гадаад улсад гаргах, чихмэл хийх, цуглуулга хийхийг хориглодог.

Харин төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг 3 тохиолдолд агнаж, барьж болохоор Амьтны тухай хуулиар зохицуулсан. Үүнд: 1-т судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, 2-т Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, 3-т тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнаж, барьж болно гэж заасан. Харин бусад зорилгоор агнах, барих, түүхий эдийг хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, гадаад улсад гаргах, чихмэл, цуглуулга хийхийг хориглосон. Энд дурдаад байгаа хориглосон үйлдлийг хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх юм.  

Иргэд ямар учир шалтгааны улмаас энэ төрлийн гэмт хэргүүдийг үйлдэж байна вэ?

Иргэд ховор амьтныг агнах болон улсын тусгай хамгаалалттай газарт нутагшин амьдарч байгаа амьтдыг агнах, барих талаар болон гэмт хэргийн улмаас байгаль орчин, амьтны аймагт учрах хохирол, хор уршиг, хүлээлгэх хариуцлага, нөхөн төлөх төлбөрийн талаар хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэлгүй байдагтай холбоотой. Мөн ашиг олох гэсэн шунахай сэдэл, ан агнах гэсэн хорхойсолтой шууд холбоотой байгаа. Дээр нь сум орон нутаг дахь байгаль орчныг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагын хяналт, шалгалт сул байдаг нь энэ төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж байна.

Говь-Алтай аймгийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд хэрхэн ажиллаж байна вэ?

Хамгийн сүүлд хийсэн ажлууд гэвэл Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн сүүлийн 10 жилийн судалгааны дүнг аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлд хүргүүлж, сумдын дарга нарыг хамруулсан зөвлөгөөн хийлээ. Мөн Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулж буй Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газартай хамтран хэд хэдэн хяналт шалгалт, хууль сурталчлах ажлуудыг хийж байна. Тухайлбал, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа тус Цогт сумын Баянтоорой тосгон болон Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг нь шалгасан.

Шалгалтаар тухайн газрууд өмнөх онд хийсэн ажлуудаа хуулбарлан төлөвлөгөө гаргадаг, төлөвлөсөн ажлаа хийдэггүй, яг нутагт дэвсгэрт нь ихээр гараад байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьчилан сэргийлэх чиглэлээр огт ажил хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг нь эрчимжүүлэх, тодорхой ажил зохион байгуулах талаар прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн. Дээрх газрууд прокурорын мэдэгдлийн мөрөөр арга хэмжээ авч нэг сарын дотор хариу ирүүлэх ёстой.

Хууль бусаар ан агнах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо маш чухал. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа Хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгддэг учраас иргэдийн зүгээс Цагдаагийн байгууллагад мэдээлэх нь ховор байдаг. Хэрвээ иргэд энэ гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгч байвал урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой юм.

Эцэст нь  хэлэхэд хүрээлэн байгаа орчинд хохирол учруулсан, тэр дундаа нэн ховор, ховор амьтныг хууль бусаар агнасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж,  хор уршгийг мөнгөн дүнгээр төлүүлж байгаа ч гэсэн үүний цаана амьтны аймаг, байгаль экологид нөхөн сэргээгдэх боломжгүй маш их хохирол учирч байгаа. Тиймээс ургамал, ан амьтан, байгаль орчноо хайрлан хамгаалахыг нийт иргэддээ уриалмаар байна.