Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас санаачлан тус сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, хяналтын харьяа сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сайн туршлага” сэдэвт цахим уулзалт, зохион байгууллаа.
Тус цахим хэлэлцүүлэгт сум дундын ерөнхий прокурор Д.Энхбаяр, цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ц.Энхбаатар, Замын-Үүд, Өргөн, Улаанбадрах, Эрдэнэ сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга, ажилтнууд оролцож, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт болон “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээ, гарсан үр дүнгийн талаар хэлэлцсэн байна.
Хэлэлцүүлгийн үр дүнд Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах боомтод гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдан хадгалагдаж байгаа, мөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэж буй химийн хорт болон аюултай бодисын талаар нэгдсэн тооллого явуулах, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй, нэгж байгууллагуудад шалгалт явуулах, гялгар уут, хуванцар хог хаягдлыг ангилан ялгаж, боловсруулах үйлдвэртэй болох асуудлаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал хүргүүлэх зэргээр хамтран ажиллахаар болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба