Проподкаст №47
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа "Хөрөнгө завших гэмт хэргийн талаар" Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндоржтой ярилцлаа.
• Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших”, 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
• “Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хэлнэ.
• Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулсан бол гэмт хэрэгт тооцдог.
• Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал буюу эд хөрөнгө гэж аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмс, мөн шуудангийн илгээмж гэж үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хаягласан эзэнд нь хүргүүлэхээр захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн биет зүйлийг хэлнэ.
• Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт зааснаар “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй”.
• Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй. Эд хөрөнгийг олсон этгээд өмчлөхөөс татгалзвал тухайн эд хөрөнгийг орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан байдаг.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба