ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХҮҮХЭД ХОХИРСОН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ 39 ХУВИАР ӨССӨН БАЙНА

A- A A+
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХҮҮХЭД ХОХИРСОН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ 39 ХУВИАР ӨССӨН БАЙНА

Өмнөговь аймагт энэ оны эхний хагас жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхэд хохирсон 21 гэмт хэрэг гарч, нийт 23 хүүхэд хохирогчоор тогтоогдсон байна. Энэ нь тус аймгийн хэмжээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн 6 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар өсчээ.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүдийн 60 орчим хувь нь 0-13 насны, бусад нь 14-16 насны хүүхэд байгаа бөгөөд эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан 1, хүндэвтэр хохирол учирсан 2, нас барсан 4 хүүхэд байна. Гэмт хэргийн төрлөөр нь ангилж үзвэл хүчиндэх гэмт хэргийн улмаас 8, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн улмаас 3,  арван зургаан насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн улмаас 5 хүүхэд хохирчээ.

Өмнөговь аймгийн прокурорын газраас дээрх гэмт хэргүүд үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцөлийг судалж үзэхэд, хүүхдэд тавих эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, анхаарал, халамж муу байгаа нь тэднийг гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан, нөхцөл болж байгаа нь тогтоогдсон байна. Түүнчлэн иргэдийн ёс суртахуунгүй, ухамсар дорой, эрх зүйн мэдлэг, мэдээлэлгүй байдал нь чухал нөлөө үзүүлж байна гэж үзжээ. Иймээс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.