Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын гаралт их байгаатай холбоотойгоор УЕПГ-аас улирал бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлыг хийх боломжгүй боллоо. Иймд прокурорын байгууллагын 2021 оны эхний хагас жилийн хяналтын ажлыг 2020 оны мөн үетэй харьцуулсан дүн мэдээг хүргэж байна.
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон мэдээ:
Хяналт тавьсан зөрчлийн хэргийн 97.1 хувийг Цагдаагийн байгууллага шалгасан байна.
Прокурорын байгууллагаас 2021 оны эхний хагас жилд 32 байгууллагын 10515 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нийт 99862-г хүлээн авч, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн шалгасан нь 19.8 хувиар, 759354 зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлт явуулсан нь 30 хувиар тус тус буурсан байна.
Хяналт тавьсан зөрчлийн хэргийн 737367 буюу 97.1 хувийг Цагдаагийн байгууллага, 2239 буюу 0.3 хувийг Мэргэжлийн хяналт, 471 буюу 0.06 хувийг Гааль, 737 буюу 0.09 хувийг Татвар, 59 буюу 0.007 хувийг Гадаадын иргэн харьяатын газар, 18481 буюу 2.4 хувийг бусад байгууллагууд хүлээн авч шалгажээ.
Нийт шалгасан хэргийн 690666 буюу 90.1 хувийг газар дээр нь, 52239 буюу 6.9 хувийг бүртгэлд авч тус тус хялбаршуулан шийдвэрлэсэн бол 16449 буюу 2.1 хувьд нь зөрчлийн хэрэг нээн шалгасан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан газар дээр нь хялбаршуулсан зөрчилд 690206 хүнд шийтгэл оногдуулсан нь 32.2 хувиар, бүртгэлд авч хялбаршуулсан зөрчилд 53250 хүнд шийтгэл оногдуулсан нь 0.9 хувиар, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2377 хүнд шийтгэл оногдуулсан нь 20.2 хувиар, шүүхээс 7535 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан нь 20 хувиар тус тус буурчээ.
Монгол улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар 32 хуулийн этгээдэд шүүхээс шийтгэл оногдуулсан нь өмнөх оны мөн үеэс 8 дахин өссөн байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих болсонтой холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд заасан Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил хамгийн их хувиар өссөн байна. Тодруулбал, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 1824 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 6.3 дахин өссөн бол Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 2333 бүртгэгдэж 50.1 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 601 бүртгэгдэж 4.5 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 1081 бүртгэгдэж 24.3 хувиар тус тус өссөн байна.
Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 623981 бүртгэгдэж 53.2 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 5156 бүртгэгдэж 15.5 хувиар, Хулгайлах зөрчил 467 бүртгэгдэж 2.3 дахин, Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх зөрчил 205 бүртгэгдэж 55.2 хувиар буурсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн хугацаанд иргэн, хуулийн этгээдээс гаргасан Сонгуулийн хуулийг зөрчих зөрчлийн шинжтэй 80 гомдол, мэдээлэлд прокурор хяналт тавьсан. Үүнээс 72 буюу 90 хувийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, 2 буюу 2.5 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 2 буюу 2.5 хувийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бол 4 буюу 5 хувьд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Прокуророос Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр 178 шалгалт, 68 судалгаа хийж, прокурорын шаардлага 80 бичсэн байна. Мөн Зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн 165 эрх бүхий албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулсан нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өсжээ.
Прокурорын байгууллагаас эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 162 шийдвэрийг хүчингүй болгож зөрчлийн хэрэг нээсэн бол хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 845 хэргийг прокуророос хянаад 126 шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 475, өөрчлөлт оруулахаар 64 дүгнэлтийг шүүхэд гаргаж, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн нууцтай холбоотойгоор прокуророос орон байранд үзлэг хийх 50, мэдээлэл баримт бичиг гаргуулан авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хүнд холбогдуулан шинжилгээ хийх тухай зөвшөөрлийг 1658 удаа өгсөн нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба