Прокурорын байгууллагын 2021 оны эхний хагас жилийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлыг 2020 оны мөн үетэй харьцуулсан дүн мэдээг хүргэе.
Хяналт тавьсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг өнгөрсөн оны мөн үеэс буурав.
Нийт 31468 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьснаас 15053 буюу 47.8 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 9331 буюу 29.6 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3534 буюу 11.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан байна.
Хэрэг бүртгэлтийн 34966 хэрэгт хяналт тавьснаас 5515 буюу 15.7 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 7875 буюу 22.5 хувийг хааж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлт явуулсан хэрэг өмнөх оны мөн үеэс 39.3 хувиар буурсан байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн байцаалт явуулсан хэрэг 16.8 хувиар буурсан байна. Мөрдөн байцаалтын 10968 хэрэгт хяналт тавьж, 6862 буюу 62.5 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 193 буюу 1.7 хувийг хэрэгсэхгүй болгож, 47 буюу 0.4 хувийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Хэрэгсэхгүй болгосон нийт хэргийн 22.2 хувийг гэмт хэргийн шинжгүй, 1 хувийг үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа, 8.8 хувийг сэжигтэн, яллагдагч нас барсан, 8.2 хувийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, 46.1 хувийг ял оногдуулах насанд хүрээгүй, 9.3 хувийг гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн байна.
2021 оны эхний хагас жилийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан авлига, албан тушаалын 860 хэрэгт хяналт тавьсныг өмнөх онтой харьцуулбал 7.3 хувиар буурчээ. Авлига, албан тушаалын хэргийн 57.9 хувь нь Нийслэлд, 42 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Прокуророос нийт 163 албан тушаалтан холбогдсон 107 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 9 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Авлига, албан тушаалын нийт хэргийн 69.3 хувь нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 18.4 хувь нь “Хахууль авах”, 9.8 хувь нь “Хахууль өгөх”, 2.3 хувь нь “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг эзэлж байна.
Прокурор Эрүүгийн хуульд заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг 245-г хянасан. Үүнээс 82 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох этгээдийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулснаас 42.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Мөрдөн байцаалт явуулсан “Мөнгө угаах” нийт хэргийн 39 хувь нь дангаар зүйлчлэгдсэн байгаа бол 69.5 хувь нь “Залилах”, 28 хувь нь “Авлига”, 86.5 хувь нь “Татвар төлөхөөс зайлсхийх”, 7.3 хувь нь “Хүрээлэн буй орчны эсрэг”, 21.9 хувь нь “Хулгайлах”, 15.8 хувь нь “Мал хулгайлах” гэмт хэргүүдтэй давхар үйлдэгдсэн байна.
“Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн талаарх 38 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар өссөн байна. “Эрүү шүүлт тулгах” 23 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 174 хэрэгт хяналт тавьж, 80 хэрэгт буюу 66.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ төрлийн хэрэг өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар буурчээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын 2.2 хувь нь 17 хүртэл, 67.4 хувь нь 18-30, 30 хувь нь 31-44, 3.4 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна. Үүнээс 89.3 хувь нь эрэгтэй, 77.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.
Хүүхэд хохирсон хэргийн 20.6 хувь нь “Хүчиндэх”, 16.7 хувь нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 4.4 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлэгт заасан “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг”-ийн улмаас хохирчээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлэгт заасан Хүүхдийн эсрэг 51 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 39.2 хувь нь “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, 23.5 хувь “Хүүхдийг хаях, төөрүүлэх тэнүүчлэлд хүргэх”, 19.6 хувь нь “Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх” гэмт хэрэг байна. Үүнээс 19 хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Хүн худалдаалах 21 хэрэгт хяналт тавьж, 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн шийдвэрлэжээ. Энэ төрлийн хэргийн 95.2 хувь нь Нийслэлд, 4.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Хэрэгт холбогдогчдын 77.7 хувь нь 18-30 насных байгаа бол 61.1 хувь нь эмэгтэй хүмүүс байна.
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” 300 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурсан байна. Үүнээс 74.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн улмаас 132 хүний амь нас хохирчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба