Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан гэмт хэргүүдийн хохирол нөхөн төлүүлэлт нэмэгджээ
Нийслэлийн прокурорын газар нь Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газрын хүлээн авч шалгаж буй гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт тус тус хяналт тавин ажиллаж байна.
Тус прокурорын газар нь 2021 оны эхний хагас жилд 589 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьсан ба 44.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, 2.8 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, 37.5 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Хэрэг бүртгэлт явуулсан 839, мөрдөн байцаалт явуулсан 440 хэрэгт хяналт тавьж, 140 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан гэмт хэргийн улмаас бусдад 847 тэрбум төгрөгийн хохирол учирснаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нийт 13.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 19.3 дахин нэмэгджээ. Түүнчлэн төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан 41 хэрэгт хяналт тавьж, 18 хэргийн 37.3 сая төгрөгийг нөхөн төлүүлсөн байна. Тухайлбал: Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн байцаалт явуулж буй “Капитал банкны эрх бүхий албан тушаалтнууд нь Капитал банкыг төлбөрийн чадваргүй болгосон” гэх хэрэгт 10.2 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын арилжааны банкны данс руу шилжүүлсэн байна.
Мөн гадаад орнуудад хууль бус эх үүсвэрээс эд хөрөнгө бий болсныг хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нөхөн төлүүлсэн байна. Зарим хэргээс жишээ дурьдвал, иргэн Д-д холбогдох хэрэгт 2.070.173.580 төгрөгийн хохирлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т, Г-д холбогдох хэрэгт 4.475.440.500 төгрөгийн үнэ бүхий гадаад улсад бүртгэлтэй орон сууцыг мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шилжүүлэх арга хэмжээг авлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба