Про подкаст №51
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдтой "Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?" сэдвээр ярилцлаа.
- Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж хуульчилсан.
- Байгалийн ургамлын тухай хуульд зааснаар “Байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг хэлнэ.
- Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ургамал хамаарна.
- Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна.
- Элбэг ургамалд ховор, нэн ховроос бусдыг нь хамруулна.
- Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд зааснаар Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцно.
- Эрүүгийн хуульд зааснаар байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн бол 5,4 сая төгрөгөөс 27 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар нөхөн төлбөр буюу хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлдэг. Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлдэг зохицуулалттай.
- Байгалийн ургамлын тухай хуульд зааснаар ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж тухайн зүйл ургамлын оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн мөнгөн үнэлгээг хэлдэг.
- Байгалийн ургамлын тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.
- Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба