Дархан-Уул аймгийн прокурорын газраас санаачлан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран аймагт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх, мөн тус нутаг дэвсгэрт байрлах хяналтын цэгүүд нь зохих журмын дагуу ажиллаж байгаа эсэхийг 2021 оны 9 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд газар дээр нь шалгажээ.
Тус аймагт энэ оны есөн сарын байдлаар ашиглалтын 67, хайгуулын 7, нийт 74 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ажиллаж байгаагаас Шарын гол, Хонгор сумдын нутаг дэвсгэрт алт олборлох 9 аж ахуй нэгж, 6 бичил уурхайн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна.
Шалгалтын хүрээнд дээрх аж ахуйн нэгж, нөхөрлөлүүд нь бичиг баримтын бүрдэл ханган холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгахад байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь батлагдаагүй, усны дүгнэлт, гэрээ хийгдээгүй байхад алт угаах үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн байна. Иймд уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба