Про подкаст №57
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Өмнөговь аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Ганбаяртай “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч, тэдгээрийн эрх, үүргийн талаар” сэдвээр ярилцлаа.
- “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа юм.
- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны “оролцогч” гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэлдэг. Эдгээр үндсэн оролцогчдоос гадна орчуулагч, хэлмэрч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч зэрэг бусад оролцогчид байна.
- Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.
- Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.
- Холбогдогч, хохирогчийн хүсэлтээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцдог. Холбогдогч, хохирогч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өмгөөлөгч авч болно.
- Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас харилцаж чадахгүй оролцогчийг орчуулагч, хэлмэрчийн тусламж авах боломжоор хангах үүрэгтэй.
- Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа хүнийг гэрч гэнэ.
- “Шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлдэг.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба