Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус газрын хяналтад байгаа нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдалтай танилцсан байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэдэг бөгөөд тус прокурорын газрын хяналтад энэ төрлийн ялаар шийтгүүлсэн 20 хүн нийт 3 аж ахуйн нэгж байгууллагад цэвэрлэгээ, үйлчилгээ, мод тарих ажилд хамрагдан ажиллаж байгаа ажээ.
Шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагууд нь ялтанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаа эсэх, ялтны цаг ашиглалтын байдал зэргийг үзэж танилцан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн хүмүүст Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үүрэг, хариуцлага, ял солих үндэслэлийн талаар мэдээлэл өгч ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба