Б.ЧИНБИЛИГ: АВТО ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ СТАНДАРТЫН ДАГУУ ХИЙГДЭХ НЬ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛНӨ

A- A A+
Б.ЧИНБИЛИГ: АВТО ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ СТАНДАРТЫН ДАГУУ ХИЙГДЭХ НЬ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛНӨ

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласан байна. Энэ талаар тус дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Чинбилигээс тодрууллаа.

Багануур дүүргийн прокурорын газраас дүүргийнхээ нутаг дэвсгэр дэх авто замын тэмдэг тэмдэглэгээ болон авто замуудад шалгалт хийсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Багануур дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг, Захирагчийн ажлын албаны Авто зам, орчны бохирдол хариуцсан ахлах мэргэжилтэн нарын оролцоотойгоор дүүргийн нутаг дэвсгэрийн орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын тэмдэг, тэмдэглэл, орон сууц, гэр хороолол доторх авто замуудын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэлд үзлэг, шалгалтыг 2021 оны 5 дугаар сард хийсэн. Шалгалтаар дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа А0501 дугаартай авто зам болон дүүргийн орон сууц, гэр хороолол доторх замын тэмдэг, тэмдэглэлийн судалгааг гарган, дүрэм стандартад нийцэж байгаа эсэхийг газар дээр нь очиж танилцсан. Мөн замын тэмдэг, тэмдэглэл, замын байгууламжийн засвар үйлчилгээ, арчлалтын байдлыг үзэж, засвар үйлчилгээ хийх шаардлагатай тэмдэг тэмдэглэгээ, замын байршлын судалгааг гаргах зэргээр дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг, Захирагчийн ажлын албаны алба хаагч, мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан.

Багануур дүүргийн хэмжээнд замын тэмдэг, тэмдэглэгээ стандартын шаардлагад нийцэж байна уу? Солих шаардлагатай болон нэмэх шаардлагатай хэчнээн тэмдэг тэмдэглэгээ байна вэ?

Зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд тэмдэг тэмдэглэгээ маш чухал. Тэмдэг, тэмдэглэгээ хангалтгүй байх нь осол гарах шалтгаан нөхцөл болдог. Тиймээс шалгалтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт байршуулсан замын тэмдэг тэмдэглээг нэг бүрчлэн шалгасан.

Багануур дүүрэгт авто замын хөдөлгөөн зохицуулах 329 ширхэг тэмдэг байгаагаас Анхааруулах тэмдэг 45, Хориглох тэмдэг 21, Дарааллын тэмдэг 61, Заах тэмдэг 10, Мэдээллэх тэмдэг 190, Үйлчилгээний тэмдэг 2 ширхэг тус тус байна. Шалгалтын явцад шинээр хийгдэх шаардлагатай 98 тэмдэг байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулсан.

Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчимд тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдсэн эсэхийг үзэж, “Оюуны эрин” цогцолбор сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны авто замд “Сургууль орчмын бүс”, “Хүүхэд” гэсэн тэмдэг, тэмдэглэгээг хийх шаардлагатай байгаа талаар Дүүргийн захирагчийн ажлын албанд санал хүргүүлээд байна. 

Шалгалтаар өөр ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ? Ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

Шалгалтын хүрээнд хэд хэдэн судалгааг гаргаж холбогдох байгууллагуудад нь мэдээлж, шаардлагатай арга хэмжээг авахуулсан. Тухайлбал, замын тэмдэг, тэмдэглэгээний хандалт буруу, мөн эргэсэн, хазайсан, утга алдагдсан, давхардсан, стандарт бус тэмдгүүдийн зам  тээврийн осол гарч болзошгүй замын нөхөөс, засварын ажил хийх шаардлагатай замуудын судалгааг тус тус гаргаж “Багануур тохижилт” ОНӨААТҮГ, “Багануур АЗЗА” ТӨХК-д хүргүүлэн засварын ажлуудыг хийлгэсэн.

Түүнчлэн зам тээврийн осол давтамжтайгаар гардаг цэгүүдийн судалгааг гарган тус дүүргийн нутаг дэвсгэрийн авто зам дагууд гэрэлтүүлэг болон жолоочийн нойр сэргээгч дэржгэнүүрүүдийг хийлгэн, нийт 13 ширхэг цагдаагийн албаны тусгай гэрэл дохиог байрлуулах арга хэмжээ авч ажилласан. Үүний үр дүнд эдгээр цэгүүдэд замын нөхцөл байдлаас шалтгаалсан зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй байна.

Шалгалт судалгааны үр дүнд үндэслэн зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж дүгнэсэн бэ?

Дээрх шалгалтын мөрөөр засч сайжруулах боломжтой арга хэмжээнүүдийг холбогдох газруудаар нь шуурхай шийдвэрлүүлж ажилласны үр дүнд дүүргийн нутаг дэвсгэрт замын тэмдэг, тэмдэглээний бүрэн бүтэн байдал хангагдаж, арчилгаа үйлчилгээ зохих түвшинд хийгдсэн. Зам тээврийн осол, хэргийг бууруулахад хамтын ажиллагаа чухал үр нөлөөтэй. Багануур дүүргийн прокурорын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн болон Онцгой байдлын хэлтсүүд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд санаачилж, хамтран ажиллаад хэвшсэн. Цаашдаа ч үргэлжлэх болно.